Өнөөдөр Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарын гаргаж буй зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.
Он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар нийт 132 хэрэг шалгаж шийдвэрлэснээс 111-г нь Замын цагдаагийн газар, 16-г Төмөр зам дахь цагдаагийн газар, 5-г Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс шалгаж шийдвэрлэсэн байна.
Зам тээврийн ослын шинжтэй 11479 дуудлага, мэдээлэл хүлээн авч 4265 зам тээврийн ослыг шалган шийдвэрлэжээ. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 221 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 56 хүний амь нас хохирч, 165 хүн хүнд хүндэвтэр байдлаар гэмтсэн байна.
Осол болон хэргийн тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол 21.9 хувиар буурч, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 7,3 хувиар өсчээ.
Амь насаа алдсан 56 хүний 43 нь буюу 77 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бөгөөд 46,4 хувь нь осол болох хэлбэрээр , нийслэл хотын хэмжээнд авч үзвэл уулзвар гарц нэвтрэх хоорондын зай тохируулахгүй, эгнээ байр буруу эзлэх зэргээс шалтгаалсан зам тээврийн осол 86 хувийг эзэлж байна.
Гарч буй ослын ихэнх нь жолооч галт тэрэгнээс өмнө гарах гэж оролдох, гэрлэн дохио болон явган хүний гарцыг анзаарахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч нар анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох зэргээс үүдэлтэй байна.