УИХ-ын Хэнтий аймаг дахь 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ намууд лхагва гаригаас өмнө шийдвэрлэж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. Харин энэхүү мэдэгдлийг хүлээн авсан Сонгуулийн ерөнхий хороо ажлын тав хоногийн дотор сонгуульд оролцох эсэхийг тэдэнд хариу мэдэгдэх ёстой.
Үүний дагуу өнөөдөр МАН-ын Бага хурал хурлдаж энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх юм байна. Өнгөрөгч долоо хоногт намын Удирдах зөвлөл хуралдан нөхөн сонгуульд оролцох ёстой хэмээн үзэж, намын Бага хурлын товыг гаргасан аж.
Бусад намуудын хувьд нөхөн сонгуульд Ардчилсан нам оролцохоо мэдэгдэж өчигдөр ҮБХ-ны ээлжит хурлыг хийсэн. Тэдний зүгээс Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлнэ гэсэн магадлал өндөр байна. Харин МАХН энэ удаагийн нөхөн сонгуульд оролцохоо эртнээс мэдэгдэж, намын дарга Н.Энхбаяр удаа дараа Хэнтий аймгийг зорьсон билээ.