Сангийн сайд асан С.Баярцогтын нэр дээр Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Леженд плас капитал лимитед” компани байдаг билээ. Тэрээр уг компаниараа дамжуулж Швейцарийн “Кредит Свис” банкинд их хэмжээний мөнгө хадгалуулснаа өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй хэрэг нь 2008 онд анх илэрч, нэлээн шуугиан тарьсан. Энэ үед УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцорч, дансаа хаасан хэмээн мэдэгдэн хэргийг түр намжаасан.
Гэтэл 2013 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас манай улсын оффшор данстай албан тушаалтнуудыг ил болгосны дотор С.Баярцогтын нэр байсан нь дахин шуугиан тарьсан билээ.
Түүний Швейцарын “Кредит свис” банк дахь дансанд 2008 онд эх үүсвэр нь тодорхойгүй 1.412.982 ам.доллар, 2009 онд 9.200.000 ам.долларын орлого орж байсан байна. Гэвч тэрээр дэд даргын албанаас буухдаа энэ дансанд нэг ч удаа гүйлгээ хийж байгаагүй хэмээн тайлбарлаж байсан юм. Ингээд Монгол улсын хуулийн байгууллагаас С.Баярцогт өөрийн эдгээр орлогуудаа тайлбарлаж чадахгүй байгаатай холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч өдийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй.
Гэвч чоно борооноор гэдэгчилэн АТГ-ын дарга нарыг солих үетэй давхацуулан С.Баярцогтын оффшор данстай холбооотой хэргийг хаах саналыг прокурорын байгууллагад илгээсэн хэмээн эх сурвалжууд мэдээллээ.