Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцсэн байна. Харин салбар хороодын бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар эцэслэн батлахаар тогтлоо.
Үндэсний их баяр наадмын нийт зардал 2,9 тэрбум төгрөг, үүний 400 сая төгрөгийг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргах төлөвлөгөөтэй байна.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Энэ жилийн наадмын “Улаанбаатарын үдэш”-ээр “Чингис хаан” хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолт болох юм байна.
Зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин “Баяр наадмын гол утга учир бол нээлтийн арга хэмжээ. Тиймээс түүх, соёл, урлагийн салбарын алдартнуудтай, ахмад уран бүтээлчидтэй уулзаж, тоглолтын найруулга, хөтөлбөртөө зөвлөгөө мэдээлэл авч ажиллаарай” хэмээн найруулагчид зөвлөлөө. Мөн зохион байгуулах хорооны төлөвлөгөөнд тусгагдсан болон төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Салбар хороодын дарга нарт үүрэг болгож, бөхийн барилдаан, морины уралдааныг ямар нэгэн будилаан, маргаангүй зохион байгуулах нь чухал. Тиймээс мэргэжлийн холбоодтой уулзаж, ажлаа уялдуулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.