БНСУ-ын Хилийн боомтын амьтан, ургамлын хорио цээрийн хяналтын албанаас монголчуудад хамааралтай нэгэн мэдэгдэл гаргажээ.
Тус улсын Хуульзүйн яамнаас Африкийн тахал буюу гахайн халдварт өвчнийг /African swine fever/ дотоодод нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаалийн мэдүүлэх хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй иргэдийг 10 хүртэл сая воноор торгох, хилээр нэвтрэх болон дахин ирэх эрхийг нь хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах болсноо мэдэгдсэн байна.
Үүний хүрээнд Монгол, БНХАУ, Вьетнам улсаас ирж буй зорчигчдод хийх хорио цээрийн шалгалтыг чангатгах болсноо мэдэгдэж байгаа тул иргэд та бүхэн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг БНСУ руу илгээхгүй, авч очихгүй байхыг анхааруулъя.