Амралтын өдрүүдээр цаг агаар дахин муудахтай холбогдуулан Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийлээ.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ амралтын өдрүүдэд зүүн болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа учраас иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарна уу.
Тодруулбал, Маргааш өдөр буюу 18-ний өдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган,Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна” гэв.
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Тээврийн хэрэгслийн жолооч нар, замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатахууны нөөцтэй дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна” гэлээ.