Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй тоос дөрвөн улирлын туршид салхинд хийсч тоосны голомтод амьдарч буй 12,000 хүн цаашлаад Орхон аймгийн 100,000 хүний эрүүл мэндийг хохироож байгаа талаар “Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-өөс өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэхүү тоосыг нь шийдвэрлэж өгнө хэмээн үйлдвэр, бизнесийнхэн, улстөрчид амлалт өгдөг хэдий ч иргэдийн дундах амьсгалын замын өвчлөл, астма, бронхит, уушгины шохойжилт, зүрх судасны өвчлөл түгээмэл болж, жил ирэх тусам нэмэгдэж, тэвчиж амьдрах аргагүй болсон тул өнгөрсөн тавдугаар сарын 1-нд үйлдвэрийн удирдлагад шаардлага хүргүүлжээ.
Энэхүү шаардлага тавьсан иргэд үйлдвэрийн ажилчдын хор тайлах бүтээгдэхүүн авах 6300 төгрөгийг иргэд ч авах ёстой бөгөөд сар бүр 200 мянган төгрөг авна гэж үзэж байгаа аж. Мөн энэ орчимд амьдарч буй иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулан, 40 жилийн хугацаанд ажиллаж байгаа тул шударга нөхөн олговор болох 3 сая төгрөгийг нэг удаа олгох зөв хэмээн үзэж байгаа аж.
Цагаан тоосноос болж гэр бүлийнх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж 200 иргэн өргөдөл өгсөн бол 3500 орчим иргэн шаардлагыг дэмжин гарын үсэг зурсан байна.
Шаардлагыг “Эрдэнэт” үйлдвэр хүлээн авахгүй бол хуулийн байгууллагад хандах болно хэмээн мэдэгдлээ.