ОХУ болон Норвеги улсыг зааглах Бренцийн тэнгисийн ёроолд шумбаж явсан судалгааны багийн шумбагч онгоцод гал гарч, үүний улмаас тус онгоцонд үүрэг гүйцэтгэж явсан тэнгисийн флотын 14 далайчин амиа алдсан хэрэг гарчээ. Энэхүү осол өнгөрөгч даваа гаригт /2019.07.01/ болсон бөгөөд ослын талаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр орой олон нийтэд мэдээлэл өглөө.
Урьдчилсан дүгнэлтээр шумбагч онгоц Бренцийн тэнгис дэх Оросын талд усан доор хэмжилт хийж явсан бөгөөд энэ үед онгоцонд гал гарчээ. Үүний улмаас тус багийн гишүүд утаанд угаартан амиа алдсан гэж дүгнэж байгаа бөгөөд одоогоор БХЯ-аас тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Гэхдээ Оросын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар уг шумбагч нь тусгай ажиллагаанд зориулагдсан жижиг оврын “AS-12” цөмийн шумбагч байж магадгүй. Мөн уг осол болох үед шумбагч дотор хэдэн далайчин байсан, үүнээс хэд нь амьд үлдсэн тухай ч мэдээлэл өгөөгүй байгаа юм. Амиа алдсан далайчдын долоо нь ахмад цолтой, хоёр нь ОХУ-ын төрийн дээд шагнал болох “Баатар” цолтой хүмүүс байсан болохыг дамжуулж байгаа юм.
Шумбагч онгоцыг Североморск дахь Оросын хойд тэнгисийн флотод авчраад байгаа бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн төлөвлөсөн бүхий л ажлуудаа цуцлан Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай яаралтай уулзаж түүнд Североморск дахь нөхцөл байдалтай яаралтай биечлэн танилцахыг тушаажээ.
Уг ослын шалтгааныг тогтоохоор ОХУ-ын Тэнгисийн цэргийн ерөнхий командлагчийн удирдлага дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.
Ослын талаар Ерөнхийлөгч В.Путин “ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчинд маш том гарз тохиолоо. Амиа алдсан далайчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Тэд бол тэнгисийн цэргийн хүчний урдаа барьдаг мэргэжилтнүүд байсан юм” хэмээн мэдэгджээ.