Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар малыг амьдаар нь экспортлох эсэхийг шийдвэрлэжээ. Өмнө нь малыг амьдаар нь экспортлох тухай дөрвөн ч тогтоол батлагдаж байсан хэдий ч нэг ч малыг амьдаар нь гаргаж байгаагүй болохыг холбогдох албаныхан мэдэгдсэн билээ.
Малыг амьдаар нь экспортлох тухай шийдвэрийг дараах Засгийн газруудын үед гаргаж байсан юм. Үүнд:
1. 2014 оны 282 дугаар тогтоол /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/
2. 2015 оны 474 дүгээр тогтоол /Ерөнхий сайд Ч.Сайханбилэг/
3. 2017 оны 142 дугаар тогтоол /Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат/
4. 2017 оны 284 дүгээр тогтоол /Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат/
Засгийн газрын энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан махыг үйлдвэрийн аргаар бэлтгэх хүчин чадлыг нэмэгдүүлж, зургаан үйлдвэр шинээр барих, одоо ажиллаж байгаа 130 гаруй үйлдвэр, цехийн хүчин чадлыг бүрэн ашиглах, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ, БНХАУ, Казакстан, Узбекистан, Иран Улстай хамтран гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон байна.
Малыг амьдаар нь экспортлохтой холбоотой дээрх тогтоолуудыг цэгцлэх, нэмүү өртөг шингэсэн, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны экспортыг нэмэгдүүлэх, ирэх жил гурил, махны үнэ тогтвортой байхад онцгой анхаарахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох яамны сайд нарт үүрэг болголоо.