Маргааш ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Сүхбаатарын талбайд иргэдэд үзүүлэх гэж байна.
Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-аас хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн тус өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
ДЭМБ-аас гаргасан судалгаанд дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй өвнөөр нас барж байгааг дурьджээ.
Монголд хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар элэгний хавдрын гол шалтгаан болдог бөгөөд элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь үүний нэг шалтгаан болж байгаа юм.