Жил бүр хавраас намар хүртэл хугацаанд Сибирийн холбооны тойрог ойн түймэрт өртдөг бөгөөд энэ жил ч мөн дахин түймэрт автаад байгаа юм.
Одоогийн байдлаар Красноярск хязгаар болон Эрхүү муж орчимд нөхцөл байдал хамгийн хүнд байгаа бөгөөд долоодугаар сарын 24-ний байдлаар эдгээр бүс нутгуудын 1,3 сая га газар ойн түймэрт өртжээ.
Гал түймэр нь суурин газрууд болон эдийн засгийн объектуудад хор хөнөөл учруулахгүй, түүнчлэн галыг унтраах зардал нь гал түймэр учруулж болох хохирлоос давна гэж тусгай комисс шийдвэр гаргавал эрх баригчид гал түймэр унтраахгүй байх эрхтэй байдаг гэнэ. Энэ нь нөхцөл байдлыг улам дордуулж, түймрээс үүдэлтэй утаа энэ хоёр бүс нутгаас гадна Хакаси, Алтайн хязгаар, Новосибирск, Омск, Томск мужуудад ч тархсан байна.
Мөн эдгээр бүс нутгуудад амьдарч буй иргэд гал түймрээс үүдэлтэй утаа иргэдийг тайван амьдрах нөхцлийг алдагдуулж байна хэмээн үзэж онц байдал тогтоохыг шаардсан байна. Энэхүү шаардлагыг Засгийн газар, Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн яам, Ойн аж ахуйн яам, Онцгой байдлын яам болон Хөдөө аж ахуйн яаманд хаягласан бөгөөд өргөх бичгийг долоодугаар сарын 24-ний өдөр олон нийтийн сүлжээнд байршуулжээ.