Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулсанаар зарим албан тушаалын орон тоо өөрчлөгдсөнөөс шалтгаалж бүрэлдэхүүнийг шинэчлэх ёстой болжээ. Өнгөрсөн хугацаанд тус сангаас олгосон зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрэлттэй, зөвлөл хуралдахад олон гишүүнтэйн улмаас ирц нь бүрддэггүй зэрэг бэрхшээлтэй байжээ. Тэгвэл энэ удаад зөвлөлийн бүрэлдэхүүнийг есөн хүнтэй байх бөгөөд хууль, эрх зүйн мэдлэгтэй хүмүүсийг түлхүү оруулсан аж. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцэн, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
Үргэлжлүүлэн нийтийн тээвэрт хяналт, шалгалт хийх ажлын хэсгийн танилцуулга, мэдээллийг Тэргүүлэгчид сонсов. Нийслэлийн Засаг даргын орлогч М.Халиунбатын хийсэн танилцуулгад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1793 автобусны олонхынх нь насжилт дуусаж буй талаар дурдагдав. Мөн нийтийн тээврээр зорчдог нийт хүмүүсийн 56 хувь нь төлбөрөө төлдөг ч автобус компаниудад санхүүжилтийг машин цагаар тооцон олгосноос асуудал үүсэж буй аж. Түүнчлэн нийтийн тээврийн автобусны чиглэл давхцал ихтэй тул яаралтай шинэчлэх шаардлагатай гэж ажлын хэсгийнхэн үзжээ. Үүнээс гадна шалгалтын явцад “Улаанбаатар смарт карт” компаниас олон зөрчил илэрчээ. Санхүүжилт олгохдоо машин цагийг буруу хэмждэг, үндэсний дата төвтэй холбогдоогүй учир тухайн байгууллагын дансад хэдэн төгрөгийн орлого төвлөрч, хэдийг нь зарлагаддаг нь тодорхой байсан гэнэ.
Тиймээс ажлын хэсгийнхэн шаталсан тээвэрт яаралтай шилжих санал гаргасан юм. Ингэснээр нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийх боломж бүрдэх аж. Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нийтийн тээврийн салбар стратегийн ач холбогдол өндөртэй учир хариуцлагатай хандах ёстой. “Улаанбаатар смарт карт” компанийн үйл ажиллагаа, чиглэлийн зохион байгуулалт, нөхөн олговор, ажиллагсдын хариуцлага, ёс зүй гээд сайжруулах асуудал олон байна. Бид нийтийн тээврийн салбарыг илүү ухаалаг болгоход анхаарч ажиллах ёстой” гэсэн юм. Ингээд Тэргүүлэгчид нийтийн тээврийн салбарыг шинэчлэх бодлого боловсруулж, хуралдаанд оруулах чиглэл өглөө.