Дэд бүтцийн сайд С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг байцаах явцдаа эрүүдэн шүүж, хэргийг хүчээр хүлээлгэсэн гэх хэрэгт холбогдоод буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа билээ. Тус хэрэгт холбогдох шүүх хуралдаан өнгөрөгч долдугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Гэвч шүүх хуралдааны үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан учраас шүүх хурлыг энэ сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, шүүгдэгч нарын гомдлыг хүлээж авахаас татгалзжээ. Иймээс дараагийн шүүх хуралдааны шүүгч нарын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулалгүй явуулах болж байгаа юм. Дараагийн шүүх хурал наймдугаар сарын 12-ны өглөө 09.00 цагт Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдлоо.