Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлын зөвлөх компани, төслийн удирдагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл зэрэг бүх талынхныг оролцуулан, өргөтгөсөн хурал хийлээ.
1, 3, 5 дугаар багцын гүйцэтгэгч компаниуд хоёр ээлж гарган, 24 цагаар ажиллаж байгаа ч бороо хур ихтэй цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан графикт хугацаанаас 18 хоногийн хоцрогдолтой ажиллаж байгаа юм байна.
Б.Энх-Амгалан сайд Улаанбаатар – Дархан чиглэлийн авто зам нь Монгол Улсын босоо тэнхлэгийн хамгийн их хөдөлгөөний эрчимтэй, транзит тээврийн гол зам болохыг онцлоод Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээнд ач холбогдол өгч ажиллаж буй олон улсын хэмжээний төсөл хөтөлбөрт хариуцлагагүй хандаж буй 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгч Чайна эстэйт констракшн ХХК-ийн удирдлагуудыг шаардлага биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахаас гадна, торгууль ногдуулна гэдгийг санууллаа. Гүйцэтгэгч талынхан мэдээллээ танилцуулж дууссаны дараа 11 дүгээр сард багтаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ гэдгээ Б.Энх-Амгалан сайдад илтгэв.
Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 27.87 хувьтай, ажлын талбайд 244 ажилтан, 107 машин, техник ажиллаж байна.
Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 18.92 хувьтай, ажлын талбайд нийт 154 ажилтан, 57 машин, техник ажиллаж байна.
Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 32.31 хувьтай, ажлын талбайд нийт 222 ажилтан, 118 машин, техник ажиллаж байна.
Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 16.72 хувьтай, ажлын талбайд нийт 56 ажилтан, 47 машин, техник ажиллаж байна.
Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажил 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 30.58 хувьтай, ажлын талбайд нийт 108 ажилтан, 74 машин, техник ажиллаж байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын засвар шинэчлэлтийн ажлын явц 2019 оны наймдугаар сарын 25-ны өдрийн нийт дүнгээр 23.74 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.