Өнгөрөгч долоо хоногт Монгол улсад албан ёсны айлчлал хийж, Халх голын дайнд ялсны ойн баярт оролцоод буцсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллерийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтын үеэр тэрээр ОХУ-ын Ямалын хойгоос Хятад улс хүртэл тавигдахаар төлөвлөж буй хийн хоолойг Монгол улсын газар нутгаар дамжуулах боломж буй эсэхийг судалж үзэх даалгавар өгчээ. Хэдийгээр баруун чиглэлээр хий дамжуулах ажил амаргүй боловч хэрэгжих боломжтой гэж үзэж байгаагаа Миллерт хэлсэн байна.
Харин Алексей Миллер одоогоор Москва, Бээжингийн талууд өөр чиглэлээр Хятадын зах зээлд хий нийлүүлэх боломжуудыг судалж байгаа бөгөөд үүний хүрээнд Путины санал болгосон баруун чиглэл болон Сахалинаас нийлүүлэх Алс Дорнодын чиглэлийг судалж үзэхээ мэдэгдлээ. Мөн “Сибирийн хүч” хоолойгоор арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Хятадад байгалийн хийг нийлүүлэхэд бэлэн болж байгаагаа Путинд танилцуулж “Энэ бол түүхэн үйл явдал. Учир нь уг хоолой дэлхийн хамгийн том хий экспортлогчийг дэлхийн хамгийн том хий импортлогчтой холболоо” хэмээн тайлбарлажээ.