Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех улс /БНЧУ/-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Ярослав Кубераг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал бодит үр дүнтэй, хамтын ажиллагааг шат ахиулах суурь болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Хэдийгээр дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жил болох гэж байгаа ч эдийн засаг, иргэд хоорондын, соёл, хүмүүнлэгийн гээд олон салбарт чамлалттай харилцаатай байгааг талууд хүлээн зөвшөөрч, цаашид хамтран ажиллахдаа аль аль талдаа харилцан ашигтай байхаар, хамтран гуравдагч орнууд руу бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхээр ярилцсан юм. Ялангуяа, эдийн засаг, хүн ам нь өсөж буй зүүн Азийн улс орнуудын импорт нэмэгдэж байгаа ойрын ирээдүйд Монгол дахь түүхий эдийг БНЧУ-ын үйлдвэрийн технологитой хослуулах замаар эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэж үзлээ. БНЧУ түүхий эдээ боловсруулахгүйгээр экспортод гаргаж байсан үеээ өнгөрөөж, өндөр технологи ашиглах болсон тул Монголд нэмж үйлдвэр барихаас илүүтэй байгаа нөөц боломжоо бүрэн ашиглаж, технологийн шинэчлэл хийх, боловсруулах чиглэлд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж ярилцлаа.
Ноён Ярослав Куберагийн айлчлалын бүрэлдэхүүнд БНЧУ-ын бизнес эрхлэгчид багтаж буй бөгөөд Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, БНЧУ-ын Элчин сайдын яам хамтран Улаанбаатар хотод бизнес форум зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэх төвийг нээхээр болсон нь айлчлалын бас нэг үр дүн хэмээн үзэж буйгаа талууд онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ноён Ярослав Кубера нар соёл спортын, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх чиглэлд мөн дэлгэрэнгүй санал бодлоо солилцсон юм.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.