“Дэндэвийн Пүрэвдорж сан”-гаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдтэй хамтарч “Сэгс цагаан Богд” найраглалын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү ойн хүрээнд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсаны “Сэгс цагаан богд” найраглалд зориулан гэрэлт хөшөө босгожээ.
Хөшөөний нээлтийн арга хэмжээнд Төрийн соёрхолт, яруу найрагч Дамбын Төрбат, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга нарын зохиолч яруу найрагчид, Д.Пүрэвдорж агсны үр хүүхдүүд болон зохиолын гол дүр Шинэжинст сумын малчин А.Сүхбат, сум орон нутгийн удирдлага, иргэд оролцсон байна.
“Сэгс цагаан богд” найраглалын гэрэлт хөшөөнд,
“Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна….
Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээжин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс цагаан богддоо
Сэтгэл хорогдоод болохгүй нь …” хэмээн найраглалын хэсгээс сийлжээ.