Өнөөдөр 11.00 цагт Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн хуралдаан эхэлж ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцлээ. Хуралдааныг Монгол Улсын ҮХЦ-ийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдан хийлгэсэн юм.
Хуралдааны эхэнд Цэцийн нийт гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн даргын хүсэлтийг танилцуулж, түүний тайлбарыг сонссоны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авчээ.
Ингээд Д.Одбаярыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаас чөлөөлөх хүсэлтийг өөрийнх нь саналын дагуу ил санал хураалт явуулахад есөн гишүүний 100 хувийн саналаар Цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн бөгөөд тэрээр цаашид цэцийн гишүүнээр ажиллах юм.
Үүний дараа ҮХЦ-ийн дараагийн дарга хэн болох талаар яригдаж эхэлсэн бөгөөд Цэцийн гишүүн Б.Баясгалангийн нэр хамгийн идэвхтэй яригдаж эхэлжээ. Түүний хувьд хууль зүйн магистр зэрэгтэй. 1986-2016 онд Баянхонгор аймгийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, , МАН-ын даргын зөвлөхийн албыг тус тус хашиж байжээ.