ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, Оросын нутаг дэвсгэрт гарах гэж байсан террорист халдлагыг таслан зогсооход тусалсанд талархал илэрхийлжээ.
Дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр гүрний удирдагч нар утсаар ярихдаа Орос-Америкийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд хоёр орны тагнуулын байгууллагуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа тодотгож байсан юм.
ОХУ-ын Холбооны Аюулаас Хамгаалах Албаны мэдээлснээр шинэ жилийн баярын үеэр Санкт Петербург хотод халдлага зохион байгуулахаар бэлдэж байсан Оросын хоёр иргэнийг АНУ-ын тагнуулын байгууллагын өгсөн мэдээллийн дагуу баривчилж, тус халдлагыг таслан зогсоожээ.
Хоёр жилийн өмнө Америкийн тагнуулынхан террористууд Санкт Петербург хотын гол сүмд бөмбөг дэлбэлэх гэж байгааг Оросын талд анхааруулж байсан бол 2013 онд Бостоны марафоны үеэр гарсан дэлбэрэлтийг мөрдөн шалгах ажилд Оросын тагнуулынхан идэвхтэй тусалж байсан билээ.