УИХ-ын нэр бүхий гишүүд болон Австрали улс дахь Монгол улсын Элчин сайд нар тус улсад казинод зочилсон хэмээх дүрс ихээхэн анхаарал татаад байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж тус улсад айлчилсан гишүүдийн нэг бөгөөд тухайн казинод байсан эрхмүүдийн нэг юм. Тэрээр “Нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүд Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан. Энэ хүрээнд УИХ-ын гурван гишүүн Элчин сайдтай хамт казино орсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү бид хэд казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор орсон. Бид тоглоогүй. УИХ-аар казиногийн хууль ороод ирвэл ямар юм байдаг юм байна гэж үзэж сонирхох зорилгоор орсон” гэсэн тайлбарыг өглөө.