Шанхайд коронавирүсээр халдварласан нэгэн эмэгтэй эмчлүүлж, эмнэлгээс гарсан талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлснээс иш татан “Sina” агентлаг уламжилсан байна. Шинэ вирүсээр халдварлаад эдгэсэн анхны өвчтөн 56 настай, Чен гэх эмэгтэй бөгөөд тэрбээр Үхань хотод удаан хугацааны турш амьдарч буй аж.
Нэгдүгээр сарын 10-ны өдөр Чен ихээр халуурч сульдан, уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэгтэйгээр энэ сарын 15-ны өдөр Шанхай хотын эмнэлэгт хандсан байна. Эмчилгээ хийж эхэлснээс хойш зургаан өдрийн дараа эмэгтэйн биеийн байдал аажмаар сайжирсан талаар “Beijing Daily” сонинд мэдээлжээ.
Хятадын хэвлэлүүдэд шинэ вирүсээр өвчилсөн 38 хүн эдгэсэн талаар мөн мэдээлсэн. Вирүсийн голомт болсон тус хотод олон зуун эмч, эмнэлгийн ажилтнууд өдөр, шөнөгүй ээлжээр ажиллаж байгаа ажээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебреисус “Коронавирүс нь Хятад улсын хувьд “онцгой байдал”. Энэ нь дэлхийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж болзошгүй ч одоохондоо ийм хэмжээнд тулаагүй байна” хэмээн мэдэгдсэн билээ.