Хэнтий аймагт 14 настай хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан тохиолдол өнөөдөр гарсантай холбогдуулан тус аймгийн Онцгой комисс шуурхай хурал зарлаж мэдээлэл хийлээ.
Тодруулбал, тухайн хүүхэд 1 дүгээр сарын 25-наас эхлэн халуурсан боловч эмнэлэгт үзүүлээгүй, гэрээр эм ууж эмчилж байгаад өнөөдөр өглөө 08 цагт эмнэлэгт хандсан байна. Ингэхдээ биеийн байдал их хүнд байсан бөгөөд 16.00 цагийн орчим нас баржээ.
Талийгаач хүүхдээс шинжилгээ авч дээжийг ХӨСҮТ рүү илгээсэн бөгөөд хавьтагчгүй учраас шинэ коронавирус биш гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм байна. Сорьцыг гарсан даруйд мэдээлэх аж.
Тус аймагт зарим үйлчилгээний газрууд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, согтууруулах ундааг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 1-н хүртэл худалдаалахгүй байх захирамжийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга гаргасан байна.