Ерөнхийлөгчийн Тамгын газраас ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлж өгөхийг уриалж байна.
Шинэ коронавирусний халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан, мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын онцгой комиссоос өмчийн хэлбэрийг үл харгалзан албан байгууллагын зарим ажилтан, албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгажээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир захирамж гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон 50-иас дээш настай ажилтнуудад Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал цалинтай чөлөө олгожээ.
Энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд зайнаас ажиллах боломж бүрдүүлэх цахим системийг ажиллуулж эхэлсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас бусад байгууллагын удирдлагуудыг өндөржүүлсэн байдлын хугацаанд ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлэлж өгөхийг уриалж байна.