Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны твиттер хаягаар Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийн дагуу хүндэтгэх шалтгаантай татан авах иргэдийн тоонд өөрийгөө багтана гэж итгэж байгаагаа илэрхийлжээ.
Ц.Элбэгдорж “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. “Нэн шаардлагатай иргэд” гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” гэсэн байна.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истамбул хотоор дамжуулан татаж авахаар болсон. Хүндэтгэх шалтгаан гэдэгт өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг хамруулна хэмээн мэдэгдээд буй.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд эдгээр хүндэтгэх шалтгааны аль нэгд хамаарахгүй байх магадлалтай. Учир тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийсэн бөгөөд ингэхдээ “Ажил ихтэй явж байна. Хүлээсэн үүргийнхээ дагуу олон улсын байгууллагуудын хурал, зөвлөгөөн, уулзалтад оролцож байна. Би зугтаад хаачих вэ. Төрийн хамгаалалт нь дагаад явж байна. Хуулийн байгууллагад оролцож буй хурал зөвлөгөөнийхөө урилгыг явуулсан. Монгол Улсын хууль миний хувьд дээд хүч. Монгол Улсын хууль, төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй. Хуанлид туссан үйл ажиллагаандаа оролцоод очно” гэж байсан билээ.
Үүнээс гурван сарын дараа буюу 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Интерполын Үндэсний төв товчоонд Ц.Элбэгдоржийн талаар мэдээлэл авах, байгаа газрыг нь тогтоолгохоор хөх буланд зар байршуулах хүсэлтийг гаргаад байгаа талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү мэдээлж байсан юм.