дийн засагч Л.Наранбаатар УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байсан З.Энхболдыг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, прокурорын байгууллагад шалгуулахаар өгснөө хэд хоногийн өмнө мэдэгдсэн.
Тэрээр З.Энхболдыг албан тушаалын эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий “Страто”, “Хишиг арвин”,”Суруга Монгол” компаниудаараа дамжуулан нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэж үзэн холбогдох байгууллагуудад хандсан. Гэтэл өнөөдөр Л.Наранбаатар луу АТГ-аас ярьсан гэнэ. Тэгэхдээ З.Энхболд, түүний дүү З.Хишигтогтох, бизнес хамтрагч “Страто” –гийн А.Баттүшиг нарыг шалгахгүй гэсэн саналаар Нийслэлийн прокурорт шилжүүлж байгааг дуулгажээ. Харин Л.Наранбаатар “Прокурор нь шалгах нь уу, харж л байя” гэсэн байна.
Эндээс харвал Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас буугаад, АН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа З.Энхболд аль хэдийнэ хууль, хяналтын байгууллагад нөлөөллөө тогтоосон бололтой. Хэрвээ тийм биш байсан бол яах аргагүй ашиг сонирхлын зөрчилтэй гэж ил тод харагдаж байгаа дээрх гурван компанийг шалгаад асуудлыг мухарлачихад хуулийн байгууллагуудаас юу унахав дээ. Харин З.Энхболдоос ямар нэг юм “унах” гээд байгаа учир шалгахаас татгалзаж буй бололтой.
Л.Наранбаатарын өгсөн мэдээллээр бол “Страто”-гийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой бизнесийн хамааралтай бөгөөд тэд хоёр компани хамтран эзэмшдэг байна. “Страто” нь 2018 оны тавдугаар сард 1.5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан бол ТЭЗҮ нь тухайн оны арванхоёрдугаар сард гарчээ. Тавантолгойгоос нүүрс авч угаадаг тус компани асар их ашиг орлоготой. Харин “Хишиг арвин”-ыг З.Энхболд, З.Хишигтогтох нартай хамтран Ардчилсан хүчний холбоог үүсгэн байгуулсан М.Тулгат удирддаг бөгөөд 2013 оноос хойш хамгийн багадаа 3 их наяд төгрөгийн орлогыг “Эрдэнэс Тавантолгой”-гоос олжээ.
“Суруга Монгол” компанийн хувьд Япон улсын иргэн эзэмшдэг байсан бөгөөд түүнийг гэмт хэрэгт гүтгэж, арга буюу нутаг буцсан гэдэг. Тэрээр буцахдаа компаниа Монголын нөлөө бүхий этгээдүүдэд шилжүүлж, эзэмшиж байсан газар дээр нь орон сууцны хороолол боссон. Уг хорооллын таван байрны наймдугаар давхрууд бүхэлдээ З.Энхболдын дүү З.Хишигтогтохын нэр дээр байдаг зэрэг асуудлыг шалгуулах хүсэлтээ Л.Наранбаатар тавьсан.
Гэвч хуулийн байгууллага шалгахгүй нь бололтой.