Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, “Зөв амьдрах ухаан” төвийн тэргүүн Г.Загдаа нарын утсаар ярьсан бичлэг цахим орчинд тархсан.
Тус бичлэгт Ж.Бямбадорж “Би өдөр бүр нэг хүнтэй ажиллах боломж байхгүй. Зарим үед гөлөгнүүдтэй гөлөг шиг ярьж байж ялдаг шүү дээ. Чи юу эс андах вэ. “Зөв амьдрах ухаан” төвд байгаа хүмүүсээ тэгж л дарж авна шүү дээ” гэсэн.
Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” төвийнхнийг гөлөг гэж тодотгосноо “Г.Загдаа энэ бичлэгээр намайг бүтэн жил дарамталж байгаа. Г.Загдаа надтай холбоо барьж “Тийм юм болохгүй байна, ийм юм бүтэхгүй байна” гээд ярьдаг. Би тэгэхээр нь “Чи наад хүмүүстэйгээ зөв харилц. Хүнтэй арслан, бар шиг л харилцах юм” гэж хэлсэн. Гэтэл тэр хэсгийг нь хасчихсан.
Гөлөг гэж ярьсан хэсэг бий. Хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү дээ. Би Г.Загдаад “Бусадтай хүнлэг харилц” гэж хэлээд болохгүй байхаар нь “Зөөлөн харилц, хүн гөлгийг өхөөрддөг шүү дээ” гэсэн. “Зөв амьдрах ухаан” төвд янз бүрийн ааш араншинтай, архины хамааралтай хүмүүс байгаа. Ганцхан үгэн дээр дөрөөлөөд бөөн л юм болж байна. Утасны яриан дээрх хоолой минийх мөн. 40 гаруй минутын яриа юм шүү” гэж тайлбарлалаа.
Монголчууд буруу ярьж зөв ойлгодог онцлогтой. Гэхдээ л гөлөгнүүд гэх үгийг яаж ч зөв ойлгох гээд өхөөрдсөн өнгө аяс сонсогдохгүй л байна…