УИХ-ын 2020 оны сонгуульд 208 бие даагч нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд буй. Тэгвэл энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн иргэдийн нэрс ил боллоо. Тэдэн дунд тоон дотор үсэг гэгчээр тууж яваа хэд хэдэн хүн байгаа юм.
Тухайлбал АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан гуай АН-аас нэр дэвших сураг дуулдаад байсан ч АН түүнийг багтаагаагүй бололтой. Мөн “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Ганхуяг, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин, Тулааны урлагийн нэгэн од гэгддэг “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан нар сонгуульд хүч үзэх нь.
Түүнчлэн “Мөрөөдлийн баг”-ийн гишүүн гэж олон нийт хошигнодог өөрийгөө Чингис хаан хэмээн өргөмжлөөд буй Магнайбаярын Чингисхаан гэх залуу, дөрвөн мөчөөрөө зэрэг зурж, усан дотор хүртэл уран бүтээлээ туурвидаг гоц авьяастан Л.Өнөрчимэг, үндэсний үйлдвэрлэгч, бэлэн хувцасны брэнд “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг, яруу найрагч Ц.Хулан, “Утааны эсрэг аав ээжүүдийн групп”-ийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Ц.Пүрэвхүү нарын бүсгүйчүүд нэр дэвшихээр болжээ. Түүнчлэн 2016 онд сонгуульд өрсөөд унасан дуучин Нара ч даагаа нэхэхээр болжээ.