Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр Токио болон үлдсэн дөрвөн засаг захиргааны нэгжийн онц байдлыг цуцалсан болохыг зарлалаа. Гэхдээ тэрээр тус улсын халдварын тоо эргэн өсөж эхэлбэл онц байдал буцаад хүчинтэй болохыг онцлов.
Халдварын шинэ тохиолдлын тоо буурснаар энэ сарын 14-нд тус улсын ихэнх хэсгээр онц байдлыг цуцлан, хөл хориог сулруулсан. Харин Токио болон Канагава, Чиба, Сайтама, Хоккайдо зэрэг бусад дөрвөн засаг захиргааны нэгжийг Засгийн газрын шийдвэрээр онц байдалтай хэвээр үлдээгээд байсан юм.
Шинэ шийдвэрээ ард иргэдээ зарласан Ерөнхий сайд Япон улс коронавирусийн халдварыг ердөө нэг сар хагасын хугацаанд хяналтдаа авсныг онцлон, энэ хэрэг “Япон загвар”-ын бат бөх чанарыг харууллаа гэв.
Японы Эдийн засгийн сайд Ясутоши Нишимурагийн хэлснээр Засгийн газар үлдсэн бүх бүс нутгийн онц байдлыг цуцлах асуудал дуур үндсэн зөвлөхүүдээс зөвшөөрөл авсан аж. Тэрээр “Онц байдлыг буулгасан ч амьдралын шинэ хэв маяг бий болж байгаа энэ үед эдийн засгийн үйл ажиллагаагаа үе шаттайгаар өргөжүүлэх нь чухал” гэлээ.
Тус улс одоог хүртэл эдийн засгийн хоёр тусламжийн багцад нийт 200 гаруй их наяд иен зарцуулаад байгаа юм. Гэвч Абэгийн зүгээс халдварын тархалтыг хянахын зэрэгцээ хэвийн амьдралдаа эргэн ороход дахиад тодорхой хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа юм. Дэлхийн гурав дахь том эдийн засаг болох Япон улсад өнөөг хүртэл 16,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 800 гаруй хүн нас бараад байна.
Эх сурвалж: Japan Today