>Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлд Монгол хэлний нэр томьёо, хэлний утга зүйн талаар хэл шинжлэлийн дүгнэлт, тодруулга авах хүсэлтийг илгээсэн. Энэхүү хүсэлтийн хариуг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанаас ирүүлжээ.
Монгол Улсын Их Сургуулиас хүргүүлсэн хүсэлтэд хуульд заасан чиг үүргийн дагуу нэр томьёоны талаар иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрх бүхий судалгааны байгууллага болох ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн тайлбар гаргажээ.
Уг тайлбарт МУИС болон МҮИС гэх товчлол нь дуудлагын хувьд төсөөтэй төдийгүй зарим хэлэнд нэг тэмдэгт, нэг дуудлагаар дууддаг талаар, Улсын, үндэсний гэх үгс нь англи болон Монголоор нэг, нэгийгээ төлөөлж утга илэрхийлдэг тохиолдол нийтлэг байдаг тухай тэмдэглэснийг онцолж байна.