Улс төрийн замнал нь 50 жил үргэлжилсэн, энэ хугацаандаа нэг ч сонгуульд ялагдаагүй том улс төрч. 1972 онд анх Сенатад сонгогдсоныхоо дараахан эхнэр, дөнгөж төрсөн охиноо авто ослоор алдаж, хоёр хүү нь гэмтэл авсан тул ажлаа өгөх гэж байсан гэдэг.
Тэр тухайн сонгуулиар 12 жил улаан байсан Делавер мужид ялалт байгуулж, намдаа маш ховор ялалтыг авч ирсэн тул намын удирдлагууд нь түүнийг ажлаа өгөхгүй байхыг ятгаж байжээ.
Тэр цагаас хойш Байден Сенатад 36 жил, Дэд Ерөнхийлөгчөөр 8 жил ажиллаад, одоо Ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Сенатын Хууль зүй, Гадаад бодлогын хороог даргалж байсан.
2015 онд мөн Делавер мужийн ерөнхий прокурор байсан хүү нь хүнд өвчнөөр нас барсан.
Харин удаах хүү Хантер Байденых нь хилийн чанадад хийдэг бизнес маш их хэл ам дагуулдаг. Аавынхаа нөлөөг ашигладаг, Орос, Хятадуудтай хамтардаг гэх яриа ч гардаг.
Харин Камала Харрис АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй, анхны хар арьст, анхны Ази гаралтай улс төрч боллоо.
Энэ удаагийн сонгууль шуудангаар ирсэн олон сая саналаас хамааран тун сонирхолтой боллоо.
Олон мужид шуудангаар ирсэн саналыг сүүлд баталгаажуулж, тоолсон нь Байден Трампыг барьж, ялалт байгуулахад хүргэж, маргааны эх үүсвэр болж байна. Яг шуудангийн саналыг түрүүлж тоолсон мужуудад Байден тэргүүлж байгаад Трамп ялсан шиг.
Трамп шуудангаар битгий саналаа өг гээд хэлчихсэн учраас, мөн Байдены сонгуулийн гол стратеги нь Трампын цар тахлын үеийн бодлогыг шүүмжлэх байсан учир шуудангаар ирсэн саналыг дийлэнх нь Байденд өгсөн санал байх нь ойлгомжтой.
Тэгэхдээ Трамп олон мужид шүүхдэж, магадгүй Дээд шүүхэд асуудал хүрч эцсийн дүн сунжирч болзошгүй юм.