Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтан коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл өчигдөр орой гарч, тус байгууллагад тусгаарлалт хийсэн. Гэтэл энэ байгууллагад тухайн үед ажиллаж байсан 50 гаруй хүнээс дарга нар нь тусгаарлагдаагүй гэсэн гомдол ирсэн. Яагаад ингэж ялгаварлав? гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.
Тэрбээр, Коронавирусийн батлагдсан тохиолдлын хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгааны явцад ШЕЗ-ийн ажилтныг илрүүлэн, шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн. Энэ хүн тус байгууллагад үйлчлэгч хийдэг.
Энэ хүн тухайн албан газрын хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын болон дам хавьтлын 50 гаруй хүнийг тусгаарласан. Ойрын хавьтлыг эмнэлэгт, дам хавьтлыг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авсан. Хавьтал болсон хүнийг албан тушаалаар ялгаварлан тусгаарлана гэж байхгүй.
Өнөөдрийн байдлаар тус байгууллагын 37 хүний шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй гэв.