Агаар дуслын замаар дамждаг COVID-19-ийн халдвараар хэн ч өвдөх эрсдэлтэй тул халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт голомт үүссэн. Энэ голомтоос гэр бүлийн болон найз нөхдийн хүрээний 20 орчим тохиолдол батлагдсан.
Иймд бид тухайн голомтот хэсгийг тойрсон гудамжуудад хөл хорио тогтоогоод байгаа.
Ер нь халдвар аваад эмнэлэгт хэвтэж байгаа иргэний гэрийн хаягийг хэлэхээр тэд над руу залгаж гомдол мэдүүлдэг. Ингэхээс ч аргагүй. Учир нь иргэд энэ айлаас халдвар гарсан гээд хүүхдүүдийг хүртэл амьдарч байсан гэрээс нь хөөж явуулах тохиолдол гарсан.
Мөн танайхаас халдвар гарлаа гээд цонх руу чулуу шидэж байна. Энэ байдал нь буруу. Халдварт өвчнөөр хэн ч, хэзээ ч өвдөж болно. Гол нь бид өвдсөн хүмүүсээ хамгаалах үүрэгтэй. Иймд хөл хорио тогтоосон газрын яг хаанаас нь халдвар илэрснийг дахин дахин хэлэхийн албаны хүмүүсээс шаардахгүй байхыг хүсье” гэсэн юм.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нэгэнт л энэ амьсгалын замын халдварт өвчин учраас хүн бүр өвдөх эрсдэл бий. Энэ эрсдэлээс амны хаалт зүүх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх зэргээр өөрийгөө хамгаалах ёстой болохоос зөвхөн өвчин туссан хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл байх ёсгүй.
Хамтын хүчээр л эв нэгдэлтэйгээр энэ өвчний ард бид гарч чадна” гэв.