Хорватад 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж долоон хүн амиа алджээ. Хотуудад байшин барилга сүйрч, нурангин доороос амьд үлдсэн иргэдийг эрэн хайж байна.
Газар хөдлөлтийн голомтоос 3км-ийн зайд 20 мянган хүн амтай Петриня хотод 12 настай охин энджээ. Глин хотод таван хүн амь үрэгдсэн талаар хотын захирагч мэдэгдсэн байна. Мөн нэг хүний цогцсыг Жажин хотын сүмийн нурангиас гарган авчээ. Тус хотод мөн хүүхдийн цэцэрлэг нурсан ч дотор нь хэн ч байгаагүй аж. Петриня хотын нурангин доороос нэг эмэгтэйг авраад байна.
Газар хөдлөлт Хорватын нийслэл Загреб болон хөрш Босни, Серби, бүр Италид чичирхийлэл мэдрэгджээ. Сэтгүүлчид сурвалжилга авч байх үед ч дахин чичирхийлсэн байна. 1990-ээд оны дайнд өртсөн Петриня хотын оршин суугчдад газар хөдлөлт маш том гарз хохирол учруулжээ. Тэд шинэ жилийн баяраа түр орогнуулах байранд угтахаар болсон байна.