Японы эрх баригчид коронавирусний тархалттай холбогдуулан онцгой байдлын дэглэм тогтоох боломжийг судалж эхэллээ гэж тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
“Бид онцгой байдал зарлах асуудлыг хэлэлцэж эхэлсэн” гэж тэрбээр хэлсэн байна. Сүга мөн эрх баригчид хоёрдугаар сарын 20 гэхэд тус улсын хүн амыг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгааг мэдээлжээ.
Японы Засгийн газар Токио, Чиба, Сайтама, Канагава мужууд ордог нийслэлийн бүсэд онцгой байдлын дэглэм тогтоох боломжийг хэлэлцэж байна гэж өмнө нь “Asahi” сонин эх сурвалжуудаас иш татан мэдээлсэн юм. Эдгээр мужид энэ долоо хоногт онцгой байдал зарлаж магадгүй гэдгийг эх сурвалжууд хэлжээ. Дээрх дөрвөн мужийн захирагч нар онцгой байдлын дэглэм тогтоох боломжийг судлахыг өмнө нь Засгийн газраасаа хүссэн юм.
Японд коронавирусний халдварын тархалтын байдал 11 дүгээр сарын эхэн үеэс дордож эхэлсэн байна. Тус улсад халдвар авсан нийт хүний тоо 245 мянга давж, 3600 гаруй хүн нас баржээ.