ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин интернэтэд хууль бус сурталчилгааг таслан зогсоох тухай хуульд гарын үсэг зуржээ. Баримт бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна.
Уг хуулийн дагуу ОХУ-ын Сонгуулийн төв хороо, мөн бүс нутаг, нутаг дэвсгэрүүдийн сонгуулийн хороод хууль зөрчсөн сурталчилгааны материалыг интернэтэд түгээн тараах ажлыг таслан зогсоох хүсэлтийг Роскомнадзор буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хяналт шалгалтын албанд гаргах боломжтой болж буй юм.
Сонгуулийн хороодын Роскомнадзорт хандах журмыг ОХУ-ын Сонгуулийн төв хорооноос гаргана. Хороод мөн сонгуулийн хууль тогтоомжийн шаардлагыг харгалзан сурталчилгааны материал бэлтгэх, түгээх журам тогтоох эрхтэй болсон байна.
Сонгуулийн хороодоос энэ асуудлаар гаргасан хүсэлтэд хариу өгөх механизмыг Роскомнадзор зохицуулна. Мэдээллийн эх үүсвэрийг эзэмшигч нь мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш 24 цагийн дотор мэдээлэл, сурталчилгааны материалыг устгах ёстой бөгөөд эс тэгвээс интернэтэд нэвтрэх эрхийг нь хязгаарлах аж.