Ардчилсан намын нэрийг барьж анхан дунд шатны намын даргын сонгуулийг зарлан, цахим санал хураалт явуулсан гэх үйлдлийн эзэд болох С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарыг тагнуулын байгууллагаар шалгуулахаар Ардчилсан намын зүгээс гомдол гаргажээ. С.Эрдэнэ өөрийгөө намын дарга мэтээр олон нийтэд ойлгуулж, намын гишүүд дэмжигчдийг төөрөгдүүлэн цахим сонгууль хүртэл зохион байгуулсан нь гэмт хэргийн шинж чанартай, хууль бус үйлдэл гэж гомдол гаргагч Ардчилсан намын өмгөөлөгч Б.Буянжаргал тайлбарлав.
С.Эрдэнийн зохион байгуулсан Нийслэлийн намын даргын цахим сонгууль гэгч нь Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарын цуглуулсан “Жорлонгоо өөрчилье” төслийн нэрийн дор, Ардчилсан намын дата баазыг хуурамчаар үйлдэн зохион байгуулсан гэх баримтыг ч гомдолдоо хавсаргасан гэв.
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах ажилд С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нар саад болж, хуурамч сонгууль зохион байгуулж Үндэсний бодлогын хорооны гишүүдийг төөрөгдүүлж байна гэж үзсэн байна.