Монгол Улсын Шадар сайдын гэргий улаан бүс буюу ХӨСҮТ-д нэвтрээд хоёр цаг болсны дараагаар гэртээ буцаж харьсан тухай мэдээлсэн. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан тайлбар хийгээд байгаа юм.
Мөн энэ асуудлаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр “Тухайн хүний аав нь хавсарсан хүнд өвчтэй бөгөөд байнгын асаргаанд байдаг. Аавыгаа асрах гэж охин нь хамт ХӨСҮТ-д хүргэгдсэн. Хоёр цаг орчим болоод өөрөө сахих боломжгүйгээ илэрхийлсэнээр тусгаарлалтад гаргасан.
Дүрмийн дагуу одоо тусгаарлалтад байгаа. Ийм асуудал зөвхөн энэ хүн дээр тохиолдож байгаа юм биш. Намайг ажил аваад долоо хонох хугацаанд хэд хэдэн удаагийн ийм асуудал гарсан. Тухай бүрт нь шийдвэрлэж байгаа” гэсэн юм.
Түүнчлэн хүнд өвчтэй хүний ар гэрийн хүн нь улаан бүсэд нэвтрэх боломжтой юу гэх асуултад ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр “Хүсэлт гаргаад нэвтэрсэн хүмүүс бий. Гарахдаа тусгаарлалтад ордог. Эдгээр хүн нь улаан бүсэд нэвтэрсэн, нөгөө талаараа халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон тул тусгаарлалтад ордог” хэмээн хариуллаа.