УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд тавьсан асуултын хариуг сонссон. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, шахмал түлшний нөөцийн талаар мэдээлэл өгөв.
Тэрээр “Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгуулсан. Хоёр үйлдвэр нийлээд жилд 1.2 сая тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилд Улаанбаатар хот 680-710 мянган тонн шахмал түлш хэрэглэж байна. Энэ тодорхой квот тогтоосноор гарсан тоо. Тодруулбал, долоо хоногт нэг айлд зургаан шуудай түлш өгч байгаа. Улаанбаатар хотын хэрэглээг хоёр үйлдвэр илүү гарч чадаагүй. Зарим үед бид нөөцгүй болж өвлийг өнгөрөөлөө. Бид үйлдвэрлэлийг жилийн турш явуулж чадахгүй байгаа. Учир нь агуулах, складгүйгээс болж байна. Бороонд норвол бүтээгдэхүүний чанар алдагддаг учраас борооны улирал дуусахаар үйлдвэрлэлээ эхэлж байна. Тиймээс хангалттай нөөц бүрдүүлж чадахгүй байна.
Баруун үйлдвэрийг Улаанбаатар хотын төвөөс нүүлгэж зүүн үйлдвэртэй нэгтгэх судалгааны ажлыг хийж байна. Хэрвээ баруун үйлдвэрийг нүүлгэчихвэл байрыг нь агуулах болно. Хэрвээ ингэвэл 200-300 мянган тонн түлш хадгалаад байх боломжтой болно. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 90 мянган тонн түлш агуулах сав байна. Үүнээс болоод үйлдвэрлэлийг хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүй байгаа.
Барьцалдуулагчийг импортоор авч байгаа. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчид 3-4 төрлийн барьцалдуулагч үйлдвэрлэчихсэн эрх бүхий газраас албажуулсан байна. Харамсалтай нь үйлдвэрлэлийг эхлээгзй байна. Одоохондоо үйлдвэр барих асуудал судалгааны шатандаа явж байна. Барьцалдуулагчийн стандартыг яаралтай батлах, стандартын дагуу барьцалдуулагч авах нь хамгийн чухал байна” гэлээ.