Засгийн газар ээлжит бус хуралдах бөгөөд хуралдаанаар хөл хориог дахин сунгах эсэхийг эцэслэн шийднэ.
ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах саналыг УОК руу оруулсан юм. УОК энэ асуудлаар хуралдаж, саналаа Засгийн газрын ээлжит бус хуралдаан руу оруулах аж.
Хөл хориог сунгах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдааны дараа олон нийтэд зарлана гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ.
Маргаашаас эхлэн дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх бөгөөд маргааш Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Дархлаажуулалтын хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэдэд нэн тэргүүнд вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс танд утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэнэ. Дүүрэг бүрд иргэдийг тээвэрлэх автобус гаргасан. Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана гэдгийг мэдээллээ.