“MEC” судалгааны төвөөс 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тандалтын судалгааг өнгөрсөн Лхагва гаригт танилцуулсан. Тус судалгаанд оролцсон 2000 иргэний 44 хувь нь МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг, гурван хувь нь АН-ын нэр дэвшигч С.Эрдэнийг, арван хувь нь ХҮН-ы Д.Энхбатыг, найман хувь нь цагаан сонголтыг, үлдсэн 35 хувь нь хэнд өгөхөөр хараахан шийдээгүй гэсэн хариулт өгснийг тус төвийн захирал Л.Золбаатар мэдээлжээ.
“MEC” судалгаагаар сүүлийн дөрвөн жил МАН-ын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Монголын топ улстөрчдийн жагсаалтыг тэргүүлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, дээрх 44 хувь бол МАН-ын гэхээсээ У.Хүрэлсүхийн халаасны оноо гэж хэлж болно.
УИХ-ын 2020 оны сонгуульд У.Хүрэлсүхийн нэр, хувийн рейтингээр нь гишүүн болсон хүмүүс МАН-ын бүлэгт олон бий. Түүнээс МАН сайндаа ч ялалт байгуулчихаагүй юм.
Тэрбээр энэ удаад Баялагтаа эзэн Монгол уриатайгаар сонгуульд өрсөлдөж байгаа. Мөн өрсөлдөгчдөө харлуулахгүй, гүтгэхгүй, доромжлохгүйгээр сурталчилгаа хийхээ ч амалсан.
У.Хүрэлсүх өрсөлдөгчдөө “өнгөлж” явааг судлаачид дүгнэхдээ хоёр нэр дэвшигчдээ бодвол сүүлийн таван жил танигдах улс төр хийсэн.
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа намдаа болон төрд их “цэвэрлэгээ” хийж, зээлтэй ахмадуудын зээлийг тэглэж, зээлгүйд нь нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Улс төр, эдийн засагт олон зоригтой, шийдэмгий шийдвэрүүд гаргасан нь түүнд нэмэх оноо авчирсан гэж дүгнэсэн байна.
Түүнчлэн АН-ын зарим гишүүд С.Эрдэнийгээ дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэдний нэг нь Зам тээврийн сайд асан М.Зоригт. Тэрбээр нүүр номдоо У.Хүрэлсүхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
С.Эрдэнэд намын дэмжлэг бага. Тэр хэдийгээр танигдсан улстөрч мөн ч Ардчилсан нам хоёр хуваасан, УИХ-ын сонгуулиар унагасан гэж буруутгагдаж байгаа. Гурван хувь бол С.Эрдэнийн гэхээсээ АН-д итгэл үнэмшилтэй цөөн хүний санал гэж хэлж болно.
Д.Энхбат хэдийгээр жиргээнд идэвхтэй нэгэн ч олон нийтэд танигдаагүй. Арван дөрвөн хоногийн дотор аймаг, сум нэг бүрчлэн очиж, өөрийгөө таниулахад хэцүү. Сонгуульд саналд хамгийн их нөлөөлдөг хэсэг бол хөвөгчид байдаг.
Нэр дэвшигчдийн гарааг харахад У.Хүрэлсүхийн зохион байгуулалт маш сайттай, пиарчид нь түүний бодлого мөрийн хөтөлбөрийн таниулах талаас ажиллаж байна. Харин С.Эрдэнийг гарман дээр нь Ц.Оюунгэрэлээс эхлээд намын нөхөд нь орхиод явсан. МАН-ын бүлгийнхэн нэр дэвшигчээ дэмжээд тойрогтоо ажиллаж байгаа бол АН-ын бүлгийнхэн гэдсээ илээд өрөөндөө сууж байна.
Д.Энхбатын гараа сайн ч барианд ороход хэцүү. Хийсэн ажил багатай, түүний хийх амлалтад иргэд төдийлөн итгэхгүй байна. Дээр олон нам сольсон нь үзэл бодол, үнэт зүйлгүй хүн гэсэн ойлголт төрүүлэх болсон.
Халаасны оноо бол бараг хасагддаггүй. Харин нэмэгдэж магадгүй.