Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад оролцлоо.
Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ жил Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг их том тоо.
Ирэх 100 жил хоёр улсын хувьд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг цоо шинэ түвшинд гаргах ёстой.
Цар тахал дэлхий нийтэд хөдөлгөөний удаашрал бий болгосон. Бид цар тахлын дараах үеийн эдийн засагт бэлэн байх нь чухал. Хасах 5.3 хувьтай байсан эдийн засаг өнөөдөр 6.3 хувьтай болоод байна.
Одоо бүгдээрээ төр хувийн хэвшлийн түншлэлийн нэг хуудсыг хамтдаа бүтээе. Үүний тулд би гадаадын хөрөнгө оруулагч нараасаа уучлалт гуйсан.
Бид гадаад хөрөнгө оруулагч нартай таагүй ханддаг гээд олон асуудал гаргасан. Одоо үүнийг өөрчилж, төр шийдвэр гаргахаасаа өмнө хөрөнгө оруулагчидтайгаа уулздаг болно. Цар тахлын хүнд үеийг давж, ДНБ-ээ хоёр дахин нэмэхийн төлөө ажиллана” гэлээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизов “Манай хоёр улсын хувьд хууль, эрх зүй, улс төрийн хувьд маргаан байхгүй. Монгол-ОХУ-ын харилцааны 100 жил хоёр улсын ашиг сонирхолд бүрэн нийцдэг.
Хоёр улсын харилцааны шинэ зууныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад айлчилж байгаагаар эхлүүлж байна гэж ойлгосон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах хэлэлцээ хийсэн.
Энэ удаагийн айлчлал 2019 оных шиг үр дүнтэй болоосой. Энэ нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө. Би Ерөнхий сайд таны хэлсэнтэй санал нэг байна.
Манай хоёр орон улс төр, хүмүүнлэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөн.
Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн хоцрогдолтой. Танай улсын худалдаа, эдийн засгийн харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин сайн.
Тэгэхээр хоёр улсын худалдааны эргэлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд ямар саад бэрхшээл байна вэ. Нэгдүгээрт, хоёр улсын экспорт төстэй учраас зах зээл рүү ижил бараа бүтээгдэхүүн экспортолдог.
Дээрээс нь худалдааны баланс алдагдсан. Жил бүр Монгол Улс ОХУ-аас нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортоор авдаг. Гэхдээ Монголоос гарч буй экспорт маш бага.
Үүнд та бүхэн анхаарал хандуулаач. Нэн тэргүүнд хилийн бүс нутгийн худалдаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх. Энэ бүс нутагт Монгол Улсын худалдан авалтын 70 хувь бий. Тиймээс хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байна” гэлээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим