Эхлэл Брэнд ХХК-аас өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр монгол инженерүүдийн бүтээсэн гэх Hulan21 Plus нэртэй анхны ухаалаг гар утсыг танилцуулж, албан ёсны нээлт хийсэн.
Гэвч бүрэн ажиллагаатай гар утсыг сэлбэг хэмээн мэдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй тул шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тус газраас “Hulan21 plus гар утастай холбоотой зөрчлийн албан ёсны мэдээллийг маргааш өгнө” гэв.
“Эхлэл брэнд” ХХК-ийн төслийн зохицуулагчаас тодруулахад “Манай компани болон гаалийн байгууллага хооронд үүссэн маргаантай асуудлаас болоод бараагаа авч чадахгүй хүлээж байна. Бид дэлгэц, санах ой зэргийг оруулж ирэн монгол инженерүүдийн бүтээсэн программыг суулгаж эцсийн бүтээгдэхүүн болгон захиалагчдад хүргэж байгаа. Тиймээс бүх дүрэм, журмын дагуу татвараа төлсөн” гэлээ.
Hulan21 plus утсанд ашиглахаар БНХАУ-аас захиалсан 4400 ширхэг төхөөрөмж гааль дээр төвлөрөөд байгаа аж.