Халдварын тархалтаас сэргийлж энэ хичээлийн шинэ жилээс эхлэн ЕБС-ийн сурагчид долоо, долоо хоногоор ээлжлэн танхим болон цахимаар хичээллэж байгаа билээ.
Нийслэлд бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо буурч шар, ногоон түвшин рүү шилжвэл ЕБС-ийн сурагчид ч мөн ердийн горимоор хичээллэнэ
Аймаг, нийслэл дэх халдварын тархалтын түвшингээсээ шалтгаалж сургуулиудыг ердийн горимоор хичээллэх эсэх талаар түр журамд тусгасан байдаг. Тодруулбал, улаан болон улбар шар түвшингээс шар, ногоон руу шилжсэн тохиолдолд тухайн бүс нутгийн ЕБС-ийн сурагчид 100 хувь танхимаар хичээллэнэ. Одоогоор хүүхдийн тоо цөөтэй хувийн сургуулиудын дийлэнх нь болон орон нутгийн ихэнх сумдын сургуулиуд ердийн горимоор хичээллээд эхэлжээ. Мөн 100 хувь танхимаар хичээллэх сургуулиудын тоо ч долоо хоног тутамд нэмэгдэж байгаа аж.
Харин нийслэлийн хэмжээнд ЕБС-иуд хэзээнээс 100 хувь танхимаар хичээллэх талаар албан эх сурвалжаас тодруулахад “Хэрэв аймгийн төв болон нийслэлд бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо буурч шар, ногоон түвшин рүү шилжвэл ЕБС-ийн сурагчид ч мөн ердийн горимоор хичээллэнэ” гэлээ.