Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хотод хүн амын болон дэд бүтцийн нягтаршил нэмэгдэхийн зэрэгцээ газар хөдлөлтийн чичирхийлэл ихээр мэдрэгдэх болсон талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлсээр буй.
Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159,396 удаагийн газар хөдлөлт бүртгэжээ. Үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 430, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болсон байна.
Нийслэл хот орчмын газар хөдлөлтийн 6 хагаралд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход хамгийн багадаа барилга байгууламжийн 47.8 хувь нурж 40.000-60.000 хүн өртөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан талаар өнөөдөр зохион байгуулсан “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалтын үеэр дурдсан юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад мэдээлэл, харилцаа холбооны давуу талыг ашиглах боломжийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бий болгох, тэдгээрийг нэгдсэн тогтолцоо зайлшгүй хэрэгтэй хэмээн олон улсад үздэг. Иймээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн Хүнсний Хөтөлбөр/Гамшгийн Үеийн Харилцаа Холбооны Кластертай хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлагыг өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш зохион байгуулж буй.
Хоёр өдрийн туршид үргэлжлэх энэхүү сургалтын үр дүнд:
- Газар хөдлөлтийн гамшгийн улмаас Монгол Улсын харилцаа холбооны салбарт учирч болох эрсдэлүүд тодорхойлогдоно;
- Газар хөдлөлтийн гамшгийн үед Харилцаа холбооны салбарын бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд тодорхойлогдоно;
- Газар хөдлөлтийн гамшгийн үед харилцаа холбооны салбарт үүсэх хохирлын үнэлгээ хийхэд тавигдах үндсэн шаардлагууд тодорхойлогдоно гэж зохион байгуулагчдын зүгээс харж байгаа ажээ.
Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог бөгөөд ХХ зуунд 8.0 магнитудын газар хөдлөлт 4 удаа, 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 орчим удаа болсон боловч цөөн хүн амтай, таруу суурьшилтай, барилга, дэд бүтэц сул хөгжсөн зэрэгтэй холбоотойгоор хохирол харьцангуй бага байсан талаар сургалтын үеэр мэргэжилтнүүд хэлж байлаа.