УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ асуудлаар хуралдсан. Үүнтэй холбогдуулан энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа. Маргааш /2022.04.27/ Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Пүрэв гарагт Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороо хуралдана. Мөн баасан гарагт УИХ-ын чуулган хуралдаж, эдгээр дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал орж ирвэл ажлын тав хоног дотор багтааж шийдвэрлэнэ. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхийг Халдашгүй байдлын дэд хороо гаргана. Яагаад гэвэл тус хороо мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай танилцах эрхтэй” гэж хэллээ.