Казахстан улсыг олон жил удирдсан Нурсултан Назарбаевт 2019 онд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусны дараа “улс үндэстнийг үүсгэн байгуулагч буюу елбасы” хэмээх цолыг олгож байв.
Харин энэ оны нэгдүгээр сард Казахстан даяар гарсан үймээн самууны дараа одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев түүний эрх мэдлийг хязгаарлаж, тойрон хүрээлэгсдийг нь өндөр албан тушаалуудаас зайлуулж эхэлсэн билээ.
Тэгвэл өчигдөр Казахстаны парламентын доод танхим Мажилисын дарга Ерлан Кошанов сэтгүүлчидтэй уулзахдаа Назарбаевын “елбасы” цолыг цуцлах гэж байгааг мэдээлжээ.
Түүний ярьснаар засгийн газрын тусгай хороо одоо үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулж байгаа ба ингэснээр экс ерөнхийлөгчийн “елбасы” статусыг хүчингүй болгох гэнэ.
“Ингэснээр “елбасы” статус хүчингүй болж, анхны ерөнхийлөгчийг шинэ хуулийн дагуу ерөнхийлөгч асан гэж үзэх болно” гэж Кошанов ярьжээ.
Эх сурвалж: Radio Free Europe