Израилын батлан хамгаалах технологийн компани барилгын ханыг нэвт харах боломжтой төхөөрөмж зохион бүтээжээ.
Camero-Tech компани шинээр зохион бүтээсэн Xaver 1000 төхөөрөмжөө Францын нийслэл Парист саяхан болж өнгөрсөн Eurosatury 2022 батлан хамгаалах салбарын үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм байна.
Xaver 1000 нь хиймэл оюуны алгоритмын тусламжтайгаар хананы цаана байгаа амьд биетийн байрлал, зай, хэлбэр хэмжээ зэргийг тодорхой харуулдаг юм байна.
Хананы цаана байгаа хүн сууж, зогсож, хэвтэж байгаа болон хэр удаан хугацаанд хөдөлгөөнгүй байгааг хүртэл тодорхойлдог гэнэ.
Бас хүний биеийн тодорхой хэсгийг хүртэл таних чадвартай ажээ.
10.1 инчийн дэлгэц ашиглан хуруугаар удирдах боломжтой уг төхөөрөмжийг ажиллуулж сурахад маш амархан гэж Camero-Tech компани мэдээлж байна.
Төхөөрөмж нь ихэнх төрлийн барилгын материалаар босгосон ханыг нэвтлэх чадвартай ажээ.
Эх сурвалж: Business Insider