Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн салбар бэлэн байдлаа хангаж ажиллана. Гэхдээ иргэдийн өөрсдийнх нь анхаарал, сонор сэрэмж маш чухал.
Хоолны хордлого, үер ус, могойд хатгуулах зэргээс урьдчилан сэргийлж, гадаад орчны аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Мөн наадмыг зохион байгуулагчид болон уяачид хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай
Түүнээс гадна иргэд аялж зугаалахдаа автомашиндаа түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн олон хоногоор авч явахгүй байхыг зөвлөе. Та бүхэн хүнсээ зөв сонгож, сонгосон хүнснийхээ шошго дээрх нөхцөл шаардлагыг хангаж хадгалах хэрэгтэй.
Мөн хоол хүнсний зохисгүй хэрэглээний улмаас ходоод гэдэсний хямрал, нойр булчирхайн үрэвсэл баяр наадмын өдрүүдэд нэмэгддэг.
Ялангуяа айраг, хорхог, архины зохисгүй хэрэглээ нь нойр булчирхайн үрэвслийг үүсгэх гол шалтгаан болдог тул зохистой хэрэглээндээ онцгой анхааруулъя.
Баярын өдрүүдэд Эрүүл мэндийн яам 323002, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 70128012, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 267834 дугаарын утсаар иргэд санал гомдол мэдээллийг хүлээн авч байна.
Харин осол гэмтэл, хордлоготой холбоотой мэдээллийг 103, 100 дугаарын утсанд хүлээн авч байна.
ВИДЕО: