Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 16-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ажиллаж, тус сумын нэгдүгээр багийн нутаг Шижигтийн хавцал хэмээх газарт “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн явцтай танилцсан тухай мэдээлж байв.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, найдвартай эх үүсвэртэй болох юм.
Уг цахилгаан станцын хөрөнгө оруулалтын талаар тэрбээр ярихдаа “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудал БНХАУ-ын Засгийн газар дээр эцэслэн шийдвэрлэгдэх графиктай явж байгаа гэж ойлгож болно. Тус улсын Гадаад хэргийн сайд Ван И наймдугаар сарын сүүлээр Монгол Улсад айлчилна. Энэ үеэр яригдах гол асуудал нь Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц болон Багануурын цахилгаан станцтай холбоотой хоёр томоохон төслийг эцэслэн шийднэ. Ингэснээр энэ намраас усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхлэх болно. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц таван жилийн дотор ашиглалтад орох боломжтой.
Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөл сайн явчихвал дараа нь Эгийн голын усан цахилгаан станцыг барих боломж үүснэ. Энэ нь хангайн бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрийг бүрэн хангах томоохон мега төсөл. Үүнийг ОХУ-ын Засгийн газар болон бусад холбогдох хөрөнгө оруулагч нартай ярилцаж байгаа. ТЭЗҮ хийгдээд эхэлсэн, удахгүй газар дээр нь очиж танилцахаар төлөвлөсөн” хэмээн ярив.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр боомтуудтай холбоотой яриа хэлцэлд гарын үсэг зурах юм байна.