Японы баруун бүсийн Ямагүчи хотын захиргаа сармагчнуудын халдлагаас иргэдийг хамгаалахын тулд номхруулагч сумтай буу ашиглах шийдвэр гаргаснаа Даваа гарагт зарлажээ.
Сүүлийн өдрүүдэд тус хотод 42 хүн макака сармагчны халдлагад өртсөн байна.
Макака нь Япон даяар тархан амьдардаг бөгөөд зарим тохиолдолд тариалангийн талбай сүйтгэх, айл гэрт нэвтрэх зэргээр хүмүүсийн амьдралд хор хохирол учруулдаг юм.
Гэхдээ хүмүүсийн биед халдах явдал маш ховорт тооцогддог байна.
“Ямагүчи хот бүхэлдээ уулаар хүрээлэгдсэн тул сармагчин элбэг үзэгддэг. Харин ийм богино хугацаанд ийм олон хүн халдлагад өртсөн тохиолдол маш ховор юм” гэж хотын захиргааны албан хаагч ярьжээ.
Хохирогчид нь сармагчинд самардуулах, хазуулах зэргээр хөнгөн шархадсан байна. Гэхдээ иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зэвсэг хэрэглэхээр болжээ.
“Эхэндээ зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд рүү довтолж байсан. Харин саяхнаас ахмад настнууд, насанд хүрсэн эрчүүдийн биед халдсан тохиолдлууд гарлаа” гэж хотын албан хаагч ярьсан байна.
Халдлагыг олон сармагчин үйлдсэн, эсвэл түрэмгий ааш авиртай ганц сармагчин үйлдсэн эсэхийг Ямагүчи хотынхон тогтоож чадаагүй гэнэ.
Анхны халдлага гарсан долдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн хотын захиргаа цагдаагийн эргүүл гаргасан ч одоо болтол ганц ч сармагчны түрэмгий үйлдлийг илрүүлээгүй байгаа ажээ.
Эх сурвалж: AFP